Иргэний шинэчилсэн бүртгэл 2011 оны 6 дугаар сарын 16-наас эхэллээ
Хүний хөгжил сангийн тухай хууль, “Монгол Улсын иргэн бүр хишиг, хувь хүртэх журам”батлагдан 2010 оноос эхлэн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагаар дамжуулан иргэний шинэчилсэн бүртгэлтэй уялдуулан хишиг, хувь олгож эхэлсэн.
Монгол Улсын Хүний хөгжил сангаас 2010 онд эхний ээлжинд 70,000, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд 50,000 төгрөгийн олгосон. 2011 оноос сар бүр 21,000 төгрөгийг олгож байна.
УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 350 дугаар тогтоолоор”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хувийн хувьцааг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн иргэдэд нэрийн данс нээж эзэмшүүлэхээр заасан.
Монгол Улсын төр, засаг гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдээ Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэснээр гадаадын аль улс оронд ажиллаж, амьдарч байгаагаас үл хамааран Монгол Улсын иргэн бүр нийгмийн баялгийн хувиарлалт, ашигт малтмал, уул уурхайн орлогоос хишиг, хувь хүртэх, нийгмийн халамжийн үйлчилгээг тэгш, шударга, шуурхай авах боломж бүрдэх юм.
Хилийн чанадад амьдарч байгаа иргэний шинэчилсэн бүртгэлийг хилийн чанадад Монгол Улсаас ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын Консулын ажилтан шинэчилсэн бүртгэлд бүртгэх бөгөөд Бельги, Нидерланд, ЛюксеМбург дэх Монгол Улсын иргэдийн шинэчилсэн бүртгэл Брюссель дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд 2011.06.16-2011.08.01-ийг хүртэл явагдана.
Бүртгэл ажлын өдрүүдэд үдээс өмнө 09.00-12.00 үдээс хойш цагын 14.00-17.00 цагийн хооронд ЭСЯ дээр явагдана.
Хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх журмын 1.4-т зааснаар бүртгэлд хамрагдах иргэд дараах баримт бичгийн аль нэгийг авч ирнэ:
1. Гадаад паспорт /эх хувь/
2. Иргэний үнэмлэх /эх хувь/
3. Төрсний гэрчилгээ /эх хувь/
Дээрх баримт бичгийг үрэгдүүлсэн бол иргэнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж тухайн газраас олгосон иргэний үнэмлэхийн зурагтай болон төрсний бүртгэлийн лавлагааг үндэслэн ЭСЯ төрсний гэрчилгээг олгож, шинэчилсэн бүртгэлд бүртгэнэ.
Үндэсний гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ нь байхгүй тохиолдолд иргэний бүртгэлийн /төрсний бүртгэлийн/ лавлагаа авах хүсэлтээ иргэн та Улсын бүртгэлийн ерөнхий газрын /цаашид УБЕГ гэх/ www.registrationmongolia.com/gad_lavlagaa буюу www.burtgel.mn/gad_lavlagaa цахим хуудас дахь лавлагааны цонхонд хандаж гаргах ёстой.
Иргэн та дээрх газарт хандаж бүртгэлийн лавлагаа авах хүсэлтийг яваалахдаа цахим хуудас дахь мэдээллийн цонхыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөнө.
Үүний дараа УБЕГ-ын Иргэний баримтын архивын гадаад лавлагаа хариуцсан мэргэжилтэн иргэний лавлагаа гаргуулах тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч, дэс дугаарын дагуу бүртгэн авна. Тухайн мэргэжилтэн лавлагаа хүссэн иргэний хүсэлтийг хүлээн авсанаас хойш ажлын 5 өдрийн дотор лавлагааг гаргаж, гарсан лавлагааг /төрсний болон иргэний үнэмлэхийн/ эх хувиар нь сканердан Элчин сайдын яаманд цахим шуудангаар илгээж, бүртгэлд хүргүүлсэн огноо, цагийг тэмдэглэнэ.
Иргэний төрсний бүртгэлийн лавлагааг иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаатай заавал хамтад нь хүргүүлнэ.
Төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн зурагтай лавлагааг үнэ төлбөргүй олгоно.
Шаардалагатай тохиолдолд Бельгийн өөр зарим хот мөн Нидерландад иргэний шинэчилсэн бүртгэл хийх боломжтой бөгөөд энэ талаарх мэдээлийг тухай бүрд нь тус ЭСЯ-ны вэб хуудсан дээр байршуулах болно.
Анхаарах зүйл: Шинэчилсэн бүртгэлийг явуулахдаа ИРГЭН ТАНЫГ хууль ёсны дагуу ажиллаж, амьдарч байгаа эсэхэд ямарваа хяналт тавихгүй бөгөөд иргэний визийн хугацаа нь дууссан үгүйг шалгахгүй. Тухайн иргэний хувийн мэдээллийг нууцлах бөгөөд энэ нь Монгол Улсын “Хувь хүний нууцын” тухай хуулинд зааснаар нууцын “Маш нууц” зэрэглэлд хамаарна. Мөн түүнчлэн ИРГЭН ТА хэрэв хүсвэл тухайн улсад амьдарч байгаа хаягаараа биш Монгол дахь хаягаараа бүртгүүлэх боломжтой.
16-аас доош насны иргэний хувьд/эх эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ нь бүртгүүлнэ.
Хилийн чанадад амьдарч байгаа иргэн иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснээс хойш 90 хоногийн дараа www.registrationmongolia.com, www.burtgel.mn цахим хуудас, улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 дугаарын утсанд холбогдож шинэчилсэн бүртгэл баталгаажсан эсэх тухай мэдээллийг авна.
Шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн, иргэний бүртгэлийн дугаар олгогдсон иргэний мэдээлэл, нэрийн жагсаалтыг ИБЕГ Нийгмийн халамжийн үйлчилгээний асуудал эрхэлсэн байгууллага болон Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд хүргүүлэх бөгөөд ингэснээр Иргэн Та хүний хөгжил сангаас хишиг хувиа хүртэх, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмших нэрийн данс нээлгэх боломжтой болох юм.
Иргэний шинэчилсэн бүртгэлийн талаарх мэдээллийг Иргэн Та иргэний шинэчилсэн бүртгэлийн талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын
www.registrationmongolia.com, www.burtgel.mn цахим хаягаар орж авах боломжтой.
Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам

